Тохируулгатай далавчтай сэнс нь далавчны өнцөг, байрлал, зарим тохиолдолд эргэлтийн нөхцлийг өөрчлөх замаар агаарын урсгал ба статик даралтыг уян хатан тохируулах боломжтой агааржуулалтын төхөөрөмж юм. Уурхайн олборлолтын ачаалал, малталтын урт, тоног төхөөрөмжийн дулаан ялгаруулалт, хүмүүсийн тоо улирал, үе шатаас хамаарч өөрчлөгдөх тул агааржуулалтын систем нь ачаалалтай уялдан агаарын урсгал, даралтаа тохируулж чадвал эрчим хүчний зардал мэдэгдэхүйц буурна.
Ийм сэнсний далавч нь тусгай хийцтэй тул зогсолтын үеэр эсвэл зарим тохиолдолд ажиллаж байх явцад далавчны өнцгийг тохируулах боломжтой байдаг. Далавчийн өнцөг ихсэхэд агаарын урсгал, даралт нэмэгдэж, эрчим хүчний зарцуулалт өсөх бол өнцөг багасахад агаарын урсгал буурч, ачаалал бага үед эрчим хүчний хэмнэлт гарна. Агааржуулалтын схем, уурхайн агаарын хэрэгцээнд тулгуурлан тохиромжтой өнцгийн мужийг тодорхойлж, далавчийг хэвийн болон өндөр, нам ачааллын горимд тохируулан ажиллуулдаг.
Тохируулгатай далавчтай сэнсийг сонгохдоо агаарын урсгал, статик даралт, тохируулгын хүрээ, далавчны бүтэц, материал, эргэлтийн хурд, хөдөлгүүрийн чадал зэрэг үзүүлэлтийг харгалзан агааржуулалтын тооцоо хийдэг. Ашиглалтын явцад далавчний тэнцвэржилт, холболтын бат бөх байдал, тохируулгын механизмын найдвартай ажиллагаа, эргэлтийн үед үүсэх чичиргээ, дуу чимээг хянах шаардлагатай. Тохируулгын механизмын элэгдэл, сулрал нь аюултай нөхцөл үүсгэх боломжтой тул тогтмол үзлэг, засвар үйлчилгээ шаардлагатай.
Уурхайн агааржуулалтын системд тохируулгатай далавчтай сэнс ашигласнаар агаарын урсгалыг бодит хэрэгцээтэй нийцүүлэх, илүүдэл агааржуулалтаас шалтгаалах эрчим хүчний үргүй зардлыг бууруулах, агааржуулалтын горимыг уян хатан удирдах давуу талтай. Ингэснээр уурхайн агааржуулалтын систем нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангахад төдийгүй, урт хугацааны эрчим хүчний зардлыг оновчтой түвшинд барих боломжтой болдог.